vlog

AutoHaul, Pilbara

Автоматжуулалт

Уул уурхайн автоматжуулалт, робот техникийн анхдагч

Шинэ дэвшилтэт технологид суурилан илүү үр ашигтай, аюулгүй, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Хайгуул, уурхайн дизайн, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, уурхайн хаалт зэрэг уурхайн ашиглалтын бүхий л шатанд бид шинэ технологи ашигладаг.

Арав гаруй жилийн өмнөөс бид бизнестээ автоматжуулалтыг нэвтрүүлсэн нь өдгөө үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг багасгах зорилтод чухал үүрэг гүйцэтгэж байна. Ачааны машин, өрмийн машин, галт тэргийг автоматжуулснаар жолоочийн алдаанаас шалтгаалах эрсдэл байхгүй болж, аюулгүй ажиллагаа дээшилсэн.

Манай төмрийн хүдрийн бизнес нь дэлхийн хамгийн анхны бүрэн автомат, алсын зайн, хүнд даацын төмөр замын тээврийн Авто Холл (AutoHaull) системийг ашиглан одоогоор 7 сая гаруй километрийн аялал хийжээ.

Түүнчлэн групп даяар алсын удирдлагатай дрон, автомашиныг ашиглан ил уурхайн өндөр мөргөцгийн хяналт, том машин механизмын дотор эд ангийн бүрэн бүтэн байдлын шалгалт зэрэг эрсдэлтэй ажлуудыг гүйцэтгэж, ажилтнуудаа аюул ослын эрсдэлээс хамгаалж байна.

  • Жолоочгүй ачааны машин
  • Жолоочгүй галт тэрэг
  • Автомат удирдлагатай өрмийн машин, цэнэглэгч машинууд
  • Удирдлагын төвүүд
  • Дрон болон алсын зайн удирдлагатай машинууд (АЗУМ)
  • Процессын робот автоматжуулалт

Жолоочгүй ачааны машин

Төмрийн хүдрийн бизнесийн автомат ачаа тээврийн систем нь нийт 130 гаруй жолоочгүй ачааны машин ашиглаж байна. Эдгээр ачааны машиныг хяналтын төвөөс алсаас удирдан ажиллуулдаг. Байршил тогтоох систем (GPS)-д суурилсан энэхүү систем нь ачааны машин урьдчилан гаргасан маршрутын дагуу уурхайн зам, уулзваруудаар автоматаар зорчих боломжтой. Мөн машин бүрийн бодит байршил, хурд, чиглэлийг хором бүрт бүртгэж байдаг.

2018 онд эдгээр жолоочгүй ачааны машин ердийн ачааны машинаас дунджаар 15% бага зардалтай, 700 гаруй илүү цагийн бүтээмжтэй ажиллаж тэдгээрийн бүтээмжийн давуу талаа бодитоор харуулсан юм. Мөн энэхүү технологийг ашигласнаар жолооч операторууд хүнд даацын машины ойр орчимд ажиллахын эрсдэлийг бууруулж, аюул ослоос хамгаалан холдуулсан юм.

Жолоочгүй галт тэрэг

Автохолл (AutoHaulTM) бол дэлхийн хамгийн анхны хүнд даацын, алсын зайн, автомат удирдлагатай төмөр замын систем бөгөөд энэхүү системээр Баруун Австралийн Пилбара дахь Рио Тинтогийн усан боомтууд руу төмрийн хүдэр тээвэрлэж байна. Төмөр замын сүлжээ маань Пилбарагийн 1,700 гаруй километр замаар зорчих 200 гаруй зүтгүүрээс бүрддэг.

Автохолл систем нь төмөр замын гарам дээрх эрсдэлийг бууруулж, мөн хурдны хязгаарлалт, дохиололд автомат хариу үйлдэл үзүүлэх замаар аюулгүй байдлыг сайжруулж байна. Түүнчлэн галт тэрэгний жолооч нарыг аяллын дундуур галт тэргэнд хүргэж өгөх, тосож авах хэрэгцээ үгүй болсноор жил бүр 1.5 сая орчим километр аяллын зардал хэмнэгдэж, аюул ослын эрсдэл ч ариллаа. Галт тэрэгний мэдээлэл болон төмөр замын сүлжээний зураглалыг ашиглаж аюулгүй, жигд тээвэрлэлтийн стратегийг тооцоолон гаргаж хэрэгжүүлснээр манай үйл ажиллагааны бүтээмж нэмэгдэж, байгаль орчинд улам ээлтэй болж байна.

Автомат удирдлагатай өрмийн машин, цэнэглэгч машинууд

Манай автомат удирдлагатай өрмийн машины парк дэлхийд хамгийн томд тооцогддог. Бид нийт 26 ширхэг өрмийн машиныг алсын зайнаас удирдан, тэсэлгээний цооногийг оновчтой, аюул осолгүй өрөмдөхөд ашиглаж байна.

Оператор уурхайн талбар дээр очиж гар ажиллагаа гүйцэтгэхийн оронд удирдлагын төвийн албан тасалгаанаасаа бүх өрмийн машины бүтэн ээлжийн ажлыг нэг дор системд төлөвлөж оруулдаг. Бид мөн автомат удирдлагатай ухаалаг цэнэглэгч машиныг хэрэглээнд нэвтрүүлж, цооногийг тэсрэх бодисоор цэнэглэх ажлыг автоматжууллаа. Эдгээр машин нь цооног бүрд тохирох тэсрэх бодисын хэмжээг компьютерын систем, өгөгдлийн шинжилгээ ашиглан тооцдог болсноор хаягдал багасаж, тэсэлгээний үр дүн сайжирч байна.

Австралийн Перт, Брисбэн, Канадын Сагюнэй дэх манай Удирдлагын төвүүд бүх уурхай, усан боомт, төмөр замын системээ нэг газраас удирдах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Эдгээр төв дээрх багууд уурхайн бүх үйл ажиллагааг хором бүрд мэдээлж харуулах олон дэлгэц бүхий танхимд ажилладаг. Манай удирдлагын төвүүд математик тооцоолол, компьютерын ухаалаг кодчилол, хүчирхэг программ ашиглан газрын гүнээс хүдэр олборлох оновчтой арга замыг тооцохоос эхлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулах зэргээр үр ашгийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг сайжруулах төрөл бүрийн боломжуудыг судлан гаргадаг.

Дрон болон алсын зайн удирдлагатай машинууд (АЗУМ)

Бид алсын зайн автомат удирдлагатай машин болон дроныг бодит агшны гурван хэмжээст зураглал гаргах, тоног төхөөрөмжийн үзлэг хийх, аюулгүй ажиллагааны эрсдэл тогтоох (уурхайн хажуу, мөргөцөг, ханыг шалгаж чулуулгийн хөдөлгөөний шинж тэмдэг, хагарлыг үнэлэх) зэрэг зориулалтаар ашиглаж байна.

Дрон нь аюулгүй ажиллагааг сайжруулах гол давуу талтай. Уурхайн мөргөцгийн зураглал гаргах зэрэг ажлыг дроноор хийснээр ажилтнуудыг аюул эрсдэлээс бүрэн чөлөөлж, аюулгүй ажиллагаа сайжирдаг.

Бид мөн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг агаараас дулааны хэмжилт хийн оношлох чадвартай тусгай тоноглол бүхий дрон ашигладаг. Энэхүү дроны тусламжтай тоног төхөөрөмжийн үрэлт өндөр байгаа хэсгийг газар дээр нь даруй илрүүлэн, засвар үйлчилгээний багт мэдэгдэж, асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж байна.

Дроны шинэ хэрэглээний анхдагч болсон баг 

Оюу толгой

Монгол Улс дахь Оюу толгойн зэс, алтны уурхайн Өрөмдлөг, тэсэлгээний баг тэсэлгээний дараах ажлын аюулгүй орчныг баталгаажуулж, шалгахдаа дрон ашиглаж байна.

Дэлгэрэнгүй

Уг баг нь тогтоосон дэс дарааллын дагуу өрөмдлөгөөр нүх гаргаж, нүхээ тэсрэх бодисоор дүүргэн, хүдрийг тэсэлж олборлоход бэлэн болгох юм. Тэсэлгээний дараах ажлын аюулгүй орчныг баталгаажуулж, шалгах ажил нь чухал үзлэг боловч өмнө нь багууд биеэр очиж тэсэлсэн газрыг шалгадаг, энэ үеэр тогтворгүй, сул чулуутай таарах, утаа дэгдэх, эсвэл тэгш бус гадаргуу дээгүүр алхах эрсдэлтэй тулгардаг байв. Үзлэг шалгалтыг хийхдээ 45 минут зарцуулж, 500 метрийн радиус доторх үйл ажиллагааг зогсоох шаардлагатай байсан нь үйлдвэрлэлийн бүтээмж бууруулдаг байв.

Ийнхүү дрон ашиглаж эхэлснээр багийн гишүүдийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй тэсэлгээ хийх бүрд 15 орчим минутыг хэмнэж байна.

Процессын робот автоматжуулалт

Автомат ажиллагаатай программ буюу бот (bot) нь янз бүрийн хэлбэр, цар хүрээгээр бидний өдөр тутмын ажилд өргөн нэвтэрчээ. Үүнийг бид процессын робот автоматжуулалт (ПРА) гэж нэрлэдэг бөгөөд манай Төмрийн хүдрийн болон Хөнгөн цагааны групп, бусад чиг үүргийн нэгжүүд энэхүү автоматжуулалтыг ашигладаг.

Манай Мэдээллийн систем, технологийн баг энэ технологийг хөгжүүлэн, үйл ажиллагаанд нэвтрүүлж, бидний ажлыг хөнгөвчилж байна. Ботууд цахим шуудан болон дагалдах хавсралтыг нээх, өгөгдөл оруулах, файл зөөх, маягт бөглөх, тооцоолол хийх зэрэг байнгын давтагдмал ажлуудыг бидний өмнөөс гүйцэтгэдэг.

Баруун Австралийн Пилбара дахь манай “Хөүп Даунс 1” уурхайд засвар үйлчилгээний захиалгын хүсэлтийг бот бүртгэдэг. Энэхүү бот манай засвар үйлчилгээний ажилтнуудын цагийг ихээхэн хэмнэж, улмаар ээлж хүлээлцэх ажиллагааг хөнгөвчилжээ. Үүнээс гадна цагийн хуваарь, захиалга, сургалт хөгжил, засвар үйлчилгээ, санхүү, далайн тээвэр болон Төмрийн хүдрийн группийн үндсэн үйлчилгээнд зориулсан ботууд тус тус бий. Шинээр бот зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэх тусам бидний ажил илүү хялбар, үр ашигтай болсоор байна.